Доод хэмжээ
Доод хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар зохицуулагдана. Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд гүйцэтгэж буй ажилтанд төлвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтан (нийгмийн түншлэл)-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно. Үндэсний хороо нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохтой холбогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
- хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, шинэчлэх тухай тогтоол гаргах; хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаархи мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх;
- хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зорилгоор дэргэдээ хөдөлмөрийн бүтээмж, цалин /хөлс/-гийн асуудлаар мэргэшсэн судлаачдын баг ажиллуулах;
- хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, мөрдүүлэхтэй холбогдсон аргачлал, зааврыг гаргах.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллагууд харилцан тохиролцож, салбарын болон салбар дундын хэлэлцээрээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоож болно.
Ажилтан тусгай мэргэжил, боловсрол, ур чадвар шаардах хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, болон тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа бол ажилтны нэг цагт ногдох доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тогтоохыг хориглоно. Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу ажилтан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү цалин авч болох бөгөөд ажил олгогч нь мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү цалин олгож болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дараахь хүчин зүйлийг харгалзан тогтоох буюу өөрчилнө: хүн амын амьжиргааны доод түвшний өөрчлөлт; хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа; нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ; эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин.
Харин хөдөлмөрийн хөлсний хувь хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшний өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин зэргийг үндэслэн тогтоодог.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо дээр заасан хүчин зүйлийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтооно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороонд төлөөлөл бүхий аль нэг тал, эсхүл талууд хамтран гаргаж болно. Улс орныг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямрал, гамшгийн болон онцгой байдлын нөхцөлд нийтийн эрх ашгийн үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хугацаанд тогтвортой байлгах болон нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй хослуулан түр хугацаагаар бууруулан мөрдөх саналыг Засгийн газар гаргаж болно.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг ажилтан, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага нь хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүхэд гаргаж болно. Шүүгч эсхүл хөдөлмөрийн улсын байцаагч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг зөрчсөн аж ахуйн нэгжийг зургаан зуугаас нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Дагалдан ажилтны үндсэн цалинг дагалдан ажилтантай тохиролцсоны дагуу тогтооно
Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтооно. Ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй. Ажилтанд олгох нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд үндэслэн тогтооно.
Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад холбогдох шалгуурыг үндэслэн ажилтанд нэмэгдэл олгож болно
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 2021 оны §63, 107-108, 116, 151; 2011 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн §2-7
Цалин хөлс
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.
Цалин хөлсний хэмжээг тогтооход ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх, хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцын түвшнийг харгалзах, ажилтны ур чадварын түвшин, гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулсан байх, хүйсээр болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахгүй байх, цалин хөлсийг тооцох аргачлал ил тод байх зарчмуудыг баримтална. Ажил олгогч ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн норм, норматив болон цалин хөлсний журам зэрэг цалин хөлстэй холбоотой хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ. Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөртэй зохицуулан тогтсон өдөр олгоно. Цалин хөлс олгох өдөр нь долоо хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарвал өмнөх ажлын өдөрт шилжүүлнэ.
Ажил олгогч цалин хөлсний бүрэлдэхүүн, суутгалын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Талууд тохиролцсоны үндсэн дээр ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно. Цалин хөлсийг ажилтанд өөрт нь олгох бөгөөд цалин хөлсийг хууль тогтоомжид заасны дагуу олгоогүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Ажилтны үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговрыг мөнгөн хэлбэрээр, үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101-105 дугаар зүйл